ХАМТЫН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ.
ХАМТЫН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ.
“Дулаан шарын гол” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хооронд байгуулсан 2015-2017 оны Хамтын гэрээний хугацаа дууссан тул ажил олгогч, ажилтны төлөөллүүд хэлэлцээ хийж 2018-2019 онд дагаж мөрдөх Хамтын гэрээг шинэчлэн байгууллаа. Хэлэлцээгээр дараах асуудлыг Хамтын гэрээнд нэмэлт заалт оруулж, гэрээний дараах заалтуудад өөрчлөлт оруулав.
НЭМЖ ТУСГАСАН:
Нэг. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилтнуудын үндсэн цалинг дунджаар 50,000 төгрөгөөр тэгшитгэн нэмэгдүүлэхээр болов.
Хоёр. 2003 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хойш тус компаниас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудад жил бүр Ахмадын баяраар 100,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.
Гурав. “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан ажилтнуудад сар бүр 10,000 төгрөгийн урамшуулал олгохоор болов.
Дөрөв. Тус компанид тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтан анх удаагаа орон сууц, хашаа байшин худалдан авах, нөхцөл сайжруулахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байхаар шийдвэрлэв.
Тав. Үндсэн үйлдвэрлэлийн чиглэлээр суралцах ажилтанд чөлөө олгох асуудлыг алба, хэсгийн даргын саналыг харгалзан Ерөнхий инженерийн зөвшөөрснөөр 1 хүртэлх сарын цалинтай чөлөөг гүйцэтгэх захирал олгодог байхаар шийдвэрлэв.
Зургаа. Ажлын байрны сургалтыг инженер, техникийн ажилтнуудтай хамтран зохион байгуулна. Сургалт зохион байгуулсан инженер, техникийн ажилтанд урамшуулал олгохоор болов.
Долоо. Жил бүр 5 ажилтанд рашаан сувилалд амрахад зориулж нэг удаа 100,000 төгрөгийн хөнгөлөлтийг ҮЭХ-оос үзүүлэхээр болов.
ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ЗААЛТУУД:
Нэг. Ажилтан өөрөө нас барсан тохиолдолд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог байсныг нэг сая төгрөг байхаар өөрчлөв. Үүний 80 хувийг компани, 20 хувийг Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос хариуцаж олгохоор болов.
Хоёр. Ажилтны төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нь нас барж уй гашуу тохиолдоход компани 120,000 төгрөг, Үйлдвэрчний Эвлэлийн Хороо 80,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлдэг байсныг компаниас 400.000 төгрөг, ҮЭХ-оос 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор өөрчлөв.
Гурав. Ажилтны эцэг эх, өвөө, эмээ, эхнэр нөхөр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү нас барсан тохиолдолд 5 өдрийн цалинтай чөлөө олгодог байсныг Эцэг, эх, хадам аав, хадам ээж, өвөө, эмээ, эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү нас барсан тохиолдолд 5 өдрийн цалинтай чөлөө олгодог байхаар өөрчлөлт оруулав.
Дөрөв. Жил бүрийн 04 сарын 28-нд Үйлдвэрлэлийн ослоор амь эрсэдсэн хүний насанд хүрээгүй хүүхэд тус бүрт нь 20,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсныг 100,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байхаар өөрчлөлт оруулав.
Тав. Ажил олгогч хөдөлмөрийн хуулийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан 1-3 жил ажилласан ажилтанд 300,000 төгрөг, 4-12 жил ажилласан ажилтанд 1,000,000 төгрөг, 13-21 жил ажилласан ажилтанд 1,500,000 төгрөг, 22-с дээш жил ажилласан ажилтанд 2,100,000 төгрөгийн тэтгэмж олгодог байсныг хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан ажилтанд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 40 хувийг тус компанид ажилласан жилээр нь үржүүлэн тооцож ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохоор өөрчлөв.