Цахим хичээл №1

“Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-2009 он

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1  ДҮРМИЙГ ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ, МӨРДӨХ ЖУРАМ

1.1.1 Энэхуү дүрмийг ашиглалтанд болон шинэчлэлт өөрчлөлт хийгдэж байгаа цахилгаан станцын түлш тээвэрлэлт, зуух, турбин, хими цехүүд, мөн түүнчлэн дулааны шугам сүлжээ, дулааны станц, халаалтын зуухнуудын дулааны хүчний ба механикийн тоноглол, ус бэлтгэлийн төхөөрөмж, ус хангамжийн систем, дулааны автоматик ба хэмжих хэрэгслийн ашиглалт, засвар, тохируулга, туршилтын ажил гүйцэтгэдэг бүх хүмүүс заавал мөрдөнө.

1.1.2 Дулаан механикийн тоноглолын механикжилт, автоматжилтын хэрэгслүүд, үндсэн ба туслах тоноглолын зураг төслийг зохиох, барьж байгуулах, ашиглалтыг зохион байгуулах, засвар тохируулга, туршилтийг энэхүү дүрэм болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм ба дүрэм (БН ба Д). «Цахилгаан станцууд түлш дамжуулах байгууламжийг тэсрэлт, гал түймрээс хамгаалах аюулгуй ажиллагааны дүрэм», «Тоосон нүүрс бэлтгэж, шатаах төхөөрөмжийг тэсрэлтээс хамгаалах аюулгүй ажиллагааны дүрэм», «Дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний зураг төслийг зохиох ариун цэврийн норм», «Үйлдвэрлэлийн тоноглолд тавих эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагууд болон технологийн ажиллагааг зохион байгуулах ариун цэврийн дүрэм», «Аж үйлдвэрийн газрууд ба хүн ам шигүү суух газрын барилгын төсөл зохиоход мөрдөх галын аюулгүй дүрэм», «Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүрмүүд», «Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм», хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартуудын шаардлагыг хангасан байх ёстой.

1.1.3. Цахилгаан тоноглол нь «Цахилгаан байгууламжийн дүрэм» ба «Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм»-ийн шаардлагыг хангах ёстой.

1.1.4. Дулааны автомат, дулаан техникийн хэмжилт ба хамгаалалт нь энэхүү дүрэм, «Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм»-ийн дагуу ашиглагдах ёстой.

1.1.5.  Ажлын үед хэрэглэгдэх ачаа өргөх машин, механизм, хэрэгсэл, багажууд нь хөдөлмөр хамгааллын дүрэм заавар болон « Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүрмүүд», «Эрчим хүчний тоноглолыг засварлах угсрах үед хэрэглэх багаж хэрэгслүүдийг ашиглах дүрэм», мөн үйлдвэрлэгчийн зааврын шаардлагын дагуу туршигдаж ашиглагдана.

1.1.6. Энэхүү дүрмийг тоноглолын техникийн ашиглалт ба хөдөлмөр хзмгааллын шинэ норматив нэвтэрснээс бусад нөхцөлд ашиглалтанд байгаа буюу шинээр тоноглол ашиглалтанд орсон үед заавал мөрдөх бөгөөд зөрчихийг хориглоно.

Уг дүрмийг баталсан байгууллага д үрэмд өөрчлөлт, нэмэлт оруулж болно.

Шатах тэсрэх аюултай, хортой бодисуудыг ашиглах үед МNS 4424:1994 «Галын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага», МNS0013-544:1994 «Тэсрэлтийн аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага», МNS4992:2000 «Хортой бодисын ангилал ба түүний аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага » стандартуудыг удирдлага болгоно. Ажилчин албан хаагчдын хөдөлмөр хамгааллын зааврууд энэхүү дүрмийн дагуу хийгдэх ёстой. Уг зааварт шатах, тэсрэх аюултай, хортой бодисын шинж чанар түүнийг ашиглахад аюулгүй ажиллагааны арга хэмжээний талаар заавал зааж өгсөн байх ёстой.

1.1.7. Үйлдвэрлэлийн захиргаа нь «Эрчим хүчний үйлдвэрүүдийн инженер техникийн ажилтан, ажилчдын дунд зохиох ажлын үндсэн дүрэм»-ийн дагуу ажиллагсадтай ажиллах ажлыг зохион байгуулах, ажилчид, албан хаагчдын хөдөлмөр хамгааллын зааврууд, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу тоноглолд системтэйгээр хяналт тавих, аюулгүй ажиллагааны дүрмийг ажиллагсдаар мөрдүүлэх, хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх арга хэмжээнүүдийг боловсруулан хамтран баталж мөрдөх ёстой.

1.1.8. Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний болон засвар тохируулгын мэргэжлийн байгууллагын удирдах хүмүүс, цехийн дарга, тэдгээрийн орлогчид, засварын хэсгийн дарга нар нь техникийн болон зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажлын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Ажлын онцлог байдлаас шалтгаалан энэ дүрэмд харшлахгүйгээр аюулгүй ажиллагааг   хангах нэмэлт арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж болно.

1.1.9 Ажилчин нэг бүр нь энэхүү дүрмийг хатуу биелүүлэх үүрэгтэй бөгөөд дүрмийн заалтанд харшилж буй бүх зөрчилүүд, тэрчлэн барилга байгууламж, тоноглол, хамгаалах хэрэгслийн бүрэн бус байдал, үйлдвэрлэл дээр гарсан ослын тухай өөрийн шууд удирдлагад, түүний байхгүй үед дээд удирдлагадаа даруй мэдэгдэх ёстой.

Энэхүү дүрэмд харшлах үүрэг даалгаврыг биелүүлэхийг хориглоно.

1.1.10. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн хордлого болсон тохиолдолд аюулгүй ажиллагааны болон үйлдвэрийн ариун цэврийн шаардлагыг хангаагүй, осол, мэргэжлийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй захиргааны болон техникийн хүмүүс, тэрчлэн дүрмийг шууд зөрчсөн этгээд хариуцлага хүлээнэ.

1.1.11 Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн ариун цэврийн дүрмийг зөрчсөн аливаа ажилтанг хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн гэж үзэж үйлдвэрийн захиргаа шалгааныг нь заавал судалж  авч хэлэлцэж байх ёстой.

1.1.12. Энэхүү дүрмийн биелэлтийг хангаагүй албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авах буюу мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.